Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашин болон зорчигчийн цогцсыг гаргажээ
Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин өчигдөр буюу нэгдүгээр сарын 03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөсөнд цөмөрч, нуурт живжээ.
Энэ талаар дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан байна. Автомашиныг Ренчинлхүмбэ сумын харьяат 52 настай эрэгтэй Э жолоодож явсан бөгөөд нуураас тухайн жолооч болон 16 настай зорчигч Т эсэн мэнд гарчээ. Харин 49 настай зорчигч Э нуурт живж, амиа алджээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, нуурын эрэгнээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчдийг шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн 4 метрийн өргөнтэй 8 метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргалаа.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.